БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Ой
Хустайн нурууны ой нь Монгол орны төдийгүй Евроазийн ой хөвчийн хамгийн урд талын нэгэн сүүлчийн тасархай мөн. Монгол дагуурын хэмээгдэх уулын хээр, хуурай хээрийн бүсээр хүрээлэгдэж, Хэнтийн үндсэн тайгаас харьцангуй алслагдаж, “арал” маягтай тасарч үлдсэний хувьд хээрийн нөлөөнд нилээд автсан, ой-ургамалжилийн хувьд нийлмэл бүтэцтэй. Тухайлбал, ой үүсгэгч үндсэн мод болох Ипполитийн хуснаас гадна Сибирь-Хойт Монголын элемент, Монгол-Дагуурын хээрийн элемент тохиолдохын дээр ойн өвслөг ургамлын хамт цармын хүйтсүү ургамал бага боловч тархана.
Ойн сан (2000 га)-гийн 66.2%-ийг хус мод зонхилсон холимог бүрэлдэхүүнтэй хус-улиангаран ой, 23.6%-ийг дан бүрэлдэхүүнтэй хусан ой, үлдсэн хувийг улиангар зонхилсон холимог ой эзлэнэ. Ойн хөнөөлийн зэргийн хувьд 31.0%-нь их, 29.6%-нь дунд, 39.4%-нь бага зэргээр хатаж мөхсөн, ерөнхийдөө хөнөөлийн зэрэг ихтэй (Цогтбаатар ба бусад, 2003).
Эрчимтэй түймэр, ойн хөнөөлт шавьжийн хэт олшролт зэргийн улмаас ойн хөвд, хөвхөн бүрхүүл, ялзмагт үе бүрэн шатаж, навч ихээр идэгдэх нь нарны гэрлийн шууд тусгалыг нөхцөлдүүлж, цэвдэг хайлахад хүргэдэг. Цэвдэг хайлсан намагжуу хэсэг, торлог, хусаар нөхөн сэргэх үед хөрс органик үлдэгдэлээр баяжиж, ялзмагийн хэмжээ нэмэгдэх боловч, Хусан ойн ууршуулах чадвар Шилмүүст ойнхоос 2 дахин илүү учир хөрс нягтаршиж, хуурайшдаг. Хустайн нурууны ойн бүрэлдэхүүний онцлог, хөнөөлийн зэрэг, хуурайшилтийг дээрхтэй холбон тайлбарлаж болох юм.
Сүүлийн жилүүдэд Умардын хүйтсүү тайгын тархацын урд хил хойш хумигдан, навчит мод ихээр ургах болсон нь ерөнхий дулааралт, Төв Азийн цөлжилт-хуурайшилтийн алсын хаялага мөн (Цэдэндаш, 2000) бөгөөд үүний нэг жишээнд Хустайн нуруу орох юм. Монгол орны бугын тархацын үнэлгээг түүний үндсэн амьдрах орчин болох “ойт нутаг”-тай харьцуулан судлахыг санал болгосон байдаг (Дуламцэрэн, 1989). Ерөнхий дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдсэн цөлжих, хуурайших явцын улмаас бугын үндсэн амьдрах орчин болох “ойт нутаг”, хүйтсүү тайгын хил хумигдах нь амьдрах орчны хомсдолыг нөхцөлдүүлж, тархац, тоо толгойг хязгаарлах хүчин зүйл болох магадлалтай юм.