Танилцуулга
Эх байгалийнхаа унаган төрхийг алдагдуулалгүйгээр хадгалан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхээр ялгаатай байгалийн бүс, бүслүүрт 102 тусгай хамгаалалттай газар байгуулсан билээ. Тусгай хамгаалалттай газар бүрийн байгуулагдсан түүх, зорилго чиглэл нь хамгаалахыг зорьж буй байгалийн тогтоц, экосистем, ландшафт, бүлгэмдэл, ургамал, амьтны зүйлээсээ шалтгаалан өөр өөр. Үүнээс Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой. Тиймээс ч бүхий л судалгааг тахь төвтэйгээр зохион байгуулж, үр дүн, дүгнэлтийг нь нэгтгэн зангидаж байдаг.
Зорилго:
Экосистем, ландшафт, бүлгэмдэл, зүйл, популяцийн түвшинд бүхий л суурь асуудлыг хамарсан өргөн хэмжээний судалгаа зохион байгуулж, үр дүнд нь түшиглэн шинжлэх ухаанд суурилсан хамгааллыг хөгжүүлэн, судлах, сурах, сургах үйлээр судалгаа, байгаль хамгааллын үзэл баримтлал, ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, арга барил төлөвшүүлнэ.
Бүтэц, зохион байгуулалт
ХБЦГ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд өөртөө Судалгаа, сургалтын албатай. Энд хариуцсан менежер 1, тахь судлаач 1, амьтан судлаач 1, ургамал судлаач 1, мэдээлэл зүйч-мэдээллийн технологич 1, сайн дурын ажилтан хариуцсан мэргэжилтэн 1, Ян Боуманы тэтгэлэгт ажилтан 1, нийт 7 орон тоотой.