Сургалт

Сургалт

     ХБЦГ-ын үндсэн зорилгуудын нэг нь Сибирийн шинэсэн ойн дэлхийн тархацын хамгийн урд зах Евразийн хээртэй хил залгах шилжилтийн бүсийн өвөрмөц байршилаа түшиглэн олон улсын судалгаа, сургалтын төв болох юм. Тиймээс өөрсдийн судлаачдын сургалтаас гадна дотоод, гадаадын олон тооны их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран сургалт зохион байгуулахын дээр өөрсдөө ч мөн тэдгээр сургалтад хамрагдаж байдаг.

     Сургалтын төрөл, хэлбэр

     - Өөрсдийн судлаачдын дотоод ажилчиддаа зориулсан сургалт

     - Өөрсдийн судлаачдын бусад байгууллагуудад зориулсан сургалт

     - Дотоод, гадаадын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн сургалт

     - Оюутан дадлагажуулах

     - Оюутны дадлага зохион байгуулах

     - Олон улсын зуны сургалт

       Өөрсдийн судлаачдын дотоод ажилчиддаа зориулсан сургалт

     Нийгмийн амьдрал, техник, технологи, мэдээлэл, харилцаа, холбооны хурдацтай хөгжилтэй холбоотойгоор бидний амьдран буй цаг үеийг мэдлэг асар хурдан хуучирдаг эрин хэмээн үздэг. Тиймээс өөрсдийн ажилчид, боловсон хүчнийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн сургаж байх зайлшгүй шаардлагатай. Үүний нэг нь өөрсдийн судлаачдын судалгааны үр дүнг нийт ажилчиддаа таниулан сурталчлахаас гадна, судлаачдынхаа мэргэжил, мэргэшилийн дагуу нэмэлт сэдвүүдээр байнга сургалт зохион байгуулж байдаг.

     - Байгууллагын танилцуулга, зорилго, зорилт, түүх, хүрсэн үр дүн

     - Ургамлын аймаг, ургамалжил, бэлчээр, био-бүтээмжийн он цаг, орон зай дахь хувирал өөрчлөлт, хөдөлгөгч хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээл, гарах арга зам

     - Амьтны аймаг, зүйлийн бүрдэл, бүрэлдэхүүн, зарим зүйл амьтдын тоо толгой, тархац, нягтшилийн он цаг, орон зай дахь хувирал өөрчлөлт, хөдөлгөгч хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээл, гарах арга зам

     - Тахь сэргээн нутагшуулах болсон үндэслэл, шаардлага, түүх, хүрсэн үр дүн, дэлхийн болон бүс нутгийн төлөв байдал, бодлого шийдвэр, тулгарч буй бэрхшээл, гарах арга зам

     - Байгаль орчны хууль тогтоомж, төрөл хэлбэр, хөгжил хөдөлгөөн, өөрчлөлт, хэрэгжүүлэх арга аргачлал, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилөөс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага ногдуулах, Байгаль орчны тухай хууль, Ургамлын тухай хууль, Амьтны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөрчилийн тухай хуулийг хэрхэн хэрэглэх, хэрэгжүүлэх

      Өөрсдийн судлаачдын бусад байгууллагуудад зориулсан сургалт

     - Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүсэлтээр тэдний хөтөч, тайлбарлагч нарт Монгол орны байгалийн бүс, бүслүүр, ургамал, амьтны аймгийн онцлог, тархац, таньж тодорхойлох

    - Монголд Англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг International School of Ulaanbaatar, The English school of Mongolia зэрэг сургуулиудад танхимын болон хээрийн судалгаа зохион байгуулах

     - МУИС, МҮИС-иудын хүсэлтээр байгалийн бүс, бүслүүрийн онцлогт тохируулсан хээрийн дадлага зохион байгуулах арга аргачлал

     - Биологийн олон янз байдал, амьтан, ургамлын аудитор, шинжээчээр ажиллахад анхаарах зүйлс

      Оюутан дадлагажуулах

     Өнгөрсөн хугацаанд МУИС, МУБИС, ХААИС, МҮИС, ХУИС, Хүнсний технологийн коллежоос 300 орчим оюутан авч дадлагажуулсан байна. Мөн 10 гаран орны 60 орчим гадаад оюутан дадлага хийжээ.

       Оюутны дадлага зохион байгуулах

     Их, дээд сургууль, коллежоос өөрийн байгууллагад оюутан авч дадлагажуулахаас гадна дотоодын их, дээд, сургуулиудтай хамтран хээрийн дадлага зохион байгуулдаг. Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын үндэсний их сургууль, Эко-Ази дээд сургуулийн биологи, экологи, байгаль хамгааллын ангийн хээрийн дадлагыг ХБЦГ-ын орчны бүсд зохион байгуулдаг.

       Олон улсын зуны сургалт

      Snow Leopard Fund төрийн бус байгууллага “Earth Expedition” зуны сургалт-summer school, Zoological Society of London, Steppe Forward Programme, Монгол улсын их сургууль хамтарсан зуны сургалтаа Хустайн байгалийн цогцолборт газрыг түшиглэн зохион байгуулдаг.

       Сайн дурын судлаачдын хөтөлбөр

      ХБЦГ-ын судалгааны цар хүрээ өргөн, судлаачдын тоо цөөн тул олон улсын сайн дурын судлаачдын хөтөлбөрт хамрагдан, сайн дурын судлаачдыг хүлээн авч, өөрсдийн хээрийн судалгаанд оролцуулах, судалгааны хэрэглэхүүнийг боловсруулахдаа баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд 20 гаран орны 100 гаран сайн дурын судлаачдыг хүлээн авч, хамтран ажиллажээ.