БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Ургамал
ХБЦГ-нь ургамалжил-газарзүйн мужлалын хувьд Евроазийн хээрийн мужийн Дорнод Сибирийн хээрийн хошууны Монгол-Дагуурын уулын ойт хээрийн дүүрэг (Грубов, 1982)-т харъяалагддаг боловч, Дундат-Халхын хэмээгдэх хээрийн дүүрэгрүү түрж байрласан учир завсрын шинжтэй ургамлын аймгаар баялагийн дээр эмзэг тогтолцоотой өвөрмөц нутаг юм.
Тус цогцолбор газрын анхны суурь судалгаагаар 450 зүйл гуурст ургамалтай (Манибазар ба бусад, 2003) гэж тооцож байсан бол өдгөө 65 овог, 246 төрөл, 493 зүйл гуурст ургамал (Цэрэндулам, 2015) бүртгэгдээд байна (1-р хүснэгт). Үүнээс гадна 36 овог, 64 төрөл, 208 зүйл гуурсгүй ургамал (Энхтуяа, 2001; Хэрлэнчимэг, 2001; Цэгмид, 2002) бүртгэжээ.
Хустайн нурууны нийт ургамлын 89.6%-ийг өвслөг ургамал, үлдсэн багахан хувь (10.4%)-ийг мод, сөөглөг ургамал бүрдүүлдэгээс үзвэл энэ орчим нутаг нь хээрийн нөлөөнд нилээд өртсөн нь илэрхий байна. Нутгийн ихэнхийг хээр, уулын хээрийн ургамалжлын хэв шинжүүд бүрдүүлнэ (Түвшинтогтох, 2013). Ургамал ургах хугацааны туршид (IV-IX сар хүртэл) 35% бүрхэцтэй байх ба хамгийн өндөр ургац VII сарын сүүлээс VIII сарын сүүл үед бүрэлдэнэ. Тухайн үедээ дундажаар 13.5 ц/га ургац бүрддэг.
ХБЦГ-ын гуурст ургамлын аймгийн тоон үзүүлэлт
Ургамлын бүлгүүд | Овог | Төрөл | Зүйл |
Гуурст доод ургамал | 5 | 5 | 7 |
Нүцгэн үртэн | 3 | 3 | 4 |
Бүрхүүл үртэн | 57 | 238 | 482 |
Нэг талт үрт ургамал |
9 | 43 | 97 |
Хос талт үрт ургамал | 48 | 246 | 385 |
Нийт | 65 | 247 | 493 |
Хустайд тохиох ургамлын томоохон овгууд нь Нийлмэл цэцэгтэн (68 зүйл), Биелэгтэн (56 зүйл), Буурцагтан (51 зүйл), Сарнайтан (33 зүйл), Холтсон цэцэгтэн (24 зүйл) зэрэг овгууд юм. Зүйлийн бүрдлийн онцлог нь Монгол-Дагуурын ойт хээрийн тойргийн шинжийг илтгэдэг.